Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Хичээлийн цонх нээлттэй үед л идэвхийг тэмдэглэнэ. Камер, микрофон ашигладаггүй.
Багш зөвхөн өөрийн сургалтын суралцагчдын ахиц, дүн, хяналтын бүртгэлийг харна.
Хяналтын бүртгэл 180 хоног, мэдэгдэл 90 хоногийн дараа автоматаар устна.
Төлбөрийг QPay-ээр, өөрийн банкны апп дээр хийнэ.
Мэдээллээ харах, засах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй.
1Цуглуулдаг мэдээлэл
Бүртгэл
- Имэйл хаяг, нэр, дүр (суралцагч эсвэл багш), профайл ба нүүрний зураг.
- Нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй — зөвхөн буцааж тайлах боломжгүй хэш (bcrypt) хадгална.
- Google, Microsoft, Facebook, Instagram-аар нэвтэрвэл тухайн үйлчилгээнээс зөвхөн имэйл, нэр, зураг авна.
- Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогыг зөвшөөрсөн хувилбар ба огноо.
Багшийн профайл
- Танилцуулга, мэргэжил, хичээлийн чиглэл, байршил, холбоосууд.
- Утасны дугаар — оруулах эсэхээ багш өөрөө шийднэ. Профайл дээр эхний 4 орон харагдаж, бүтэн дугаар нээгдэхэд багшид мэдэгдэл очно.
- Google-ээ холбосон бол Google Calendar-т уулзалт (Meet) үүсгэх эрхийн токен. Холболтыг хүссэн үедээ салгаж болно.
Суралцахуй
- Элсэлт, хичээл үзсэн явц, видео үзэлт, номын уншилт, тэмдэглэл, даалгавар.
- Шалгалт, асуултын хариулт ба дүн, цол, оноо.
- Суралцсан хугацаа: идэвхтэй, идэвхгүй, өөр цонхонд байсан секунд (хичээлийн хяналт).
Харилцаа ба захиалга
- Чатын мессеж, сэтгэгдэл, таалагдсан тэмдэг, мэдэгдэл.
- Цаг захиалга: сонгосон цаг, багшид үлдээсэн тэмдэглэл, уулзалтын холбоос.
- Захиалга ба төлбөр: юу авсан, дүн, төлөв, QPay нэхэмжлэлийн дугаар.
- Мэдүүлэг ба хориг: чатын мессежийг мэдүүлбэл тэр мессеж ба түүний өмнөх 10 хүртэлх мессежийн хуулбар, шалтгаан, тайлбар; ярианд хориг тавьсан эсэх.
Техникийн мэдээлэл
- IP хаяг — хэт олон хүсэлт, хууль бус хандалтаас хамгаалах, хичээлийн усан тэмдэгт харуулах зорилгоор.
- Хөтчийн төрөл (утас, компьютер) — үзэлтийн статистик болон бот шүүхэд.
2Хичээлийн хяналт
Багш сургалтын чанарыг хангаж, суралцагч анхааралтай суралцах зорилгоор хичээл, шалгалтын үеэр идэвхийг тэмдэглэнэ. Хяналт зөвхөн хичээл эсвэл шалгалтын цонх нээлттэй үед ажиллаж, цонхыг хаахад зогсоно. Багш өөрийн хичээлийг үзэхэд хяналт ажиллахгүй.
| Юу | Хэзээ тэмдэглэгдэх | Үр дагавар |
|---|---|---|
| Таб, цонх сольсон | Өөр таб, цонх руу 3 секундээс удаан шилжвэл (хэдэн секунд байсан) | Сануулга. Сургалтад заасан тооноос хэтэрвэл хичээл зогсоно |
| Курсор хичээлээс гарсан | Хулганы курсор хичээлийн цонхноос 2.5 секундээс удаан гарвал | Зөөлөн сануулга, хугацааг тэмдэглэнэ |
| Хөдөлгөөнгүй | Видео тоглоогүй үед 2 минутаас удаан ямар ч үйлдэлгүй бол | Идэвхгүй хугацаанд тооцогдоно |
| Идэвхийн шалгалт | 5 минут тутам асууна; 30 секундэд хариулахгүй бол | Хичээл зогсоно |
| Бага идэвх | Сүүлийн хэдэн минутын идэвх 10%-иас доош орвол | Хичээл зогсоно |
| Хуулах оролдлого | Хичээлийн агуулгыг хуулах, тайрах гэвэл | Хуулахыг хориглож, тэмдэглэнэ |
| Шалгалтын зөрчил | Шалгалтын үеэр таб, цонх сольсон эсвэл хуулах гэсэн бол | Шалгалт тэр мөчийн хариултаар хаагдана. Багш дахин нээж болно |
Усан тэмдэг. Агуулгыг зөвшөөрөлгүй хуулбарлахаас сэргийлж хичээлийн цонхонд таны нэр, хэрэглэгчийн дугаарын сүүлийн 6 тэмдэгт, IP хаяг бүдэг хөвж харагдана.
- Камер, микрофон асаадаггүй, дэлгэцийн зураг, бичлэг авдаггүй.
- Таны юу бичсэн, аль сайт руу орсон, бусад табын агуулгыг мэддэггүй — хөтөч зөвхөн «өөр цонх руу шилжсэн» гэдгийг л хэлнэ.
- Хичээлийн цонхноос гадуур юуг ч тэмдэглэдэггүй.
Хяналтын бүртгэлийг тухайн сургалтын багш харна. Үйл явдлын бүртгэл, IP хаяг 180 хоногийн дараа устна; суралцсан хугацааны нийлбэр бүртгэл тань идэвхтэй байх хугацаанд хадгалагдана.
3Хэнд юу харагдах вэ
- Багшид: өөрийн сургалтын суралцагчдын нэр, ахиц, дүн, даалгавар, хяналтын бүртгэл; профайл, сургалтаа үзсэн нэвтэрсэн хэрэглэгчийн нэр (нэвтрээгүй зочдыг нэргүйгээр тоолно); утасны дугаарыг нь нээсэн, цаг захиалсан хүний нэр; чатын мессеж.
- Бусад хэрэглэгчид: багшийн нийтэд нээлттэй профайл, сургалт; таны бичсэн сэтгэгдэл ба нэр.
- Бусад суралцагчид таны дүн, ахиц, хяналтын бүртгэлийг харахгүй.
- surgalt.mn-ийн хянагчид: зөвхөн мэдүүлсэн мессеж ба түүний өмнөх 10 хүртэлх мессеж, мэдүүлэгч ба мэдүүлэгдсэн хүний нэр. Мэдүүлээгүй чатыг хянагч харахгүй.
4Ашиглах зорилго
- Бүртгэл, нэвтрэлт, сургалт, ном, шалгалт, цаг захиалгын үйлчилгээ үзүүлэх.
- Төлбөрийг баталгаажуулж, худалдан авсан агуулгыг нээх.
- Багшид сургалтынхаа ахиц, идэвхийг харуулах; шалгалтын шударга байдлыг хангах.
- Мэдэгдэл илгээх (захиалга, мессеж, дүн гэх мэт), нууц үг сэргээх холбоосыг имэйлээр илгээх.
- Хууль бус хандалт, залилан, спамаас хамгаалах.
Хувийн мэдээллийг дээрх зорилгоос өөр зүйлд таны зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.
5Гадны үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд л доорх үйлчилгээг ашиглана. Тэд өөрсдийн нууцлалын бодлогын дагуу ажиллана.
- QPay ба банкууд — төлбөр. Бид карт, дансны мэдээлэл авахгүй.
- Google, Microsoft, Facebook, Instagram — та сонговол нэвтрэлт.
- Google Meet, Calendar — багш холбосон бол онлайн уулзалт үүсгэх.
- Имэйл илгээх үйлчилгээ (SMTP) — нууц үг сэргээх захидал. Зөвхөн имэйл хаяг, нэр дамжина.
- Google Fonts — үсгийн фонт ачаалах.
- Видео, гадны холбоос — багш хичээлдээ YouTube гэх мэт гадны агуулга оруулсан бол тухайн үйлчилгээ таны хөтөчөөс шууд ачаалагдана.
Хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас албан ёсоор шаардсанаас бусад тохиолдолд мэдээллийг бусдад шилжүүлэхгүй.
6Хадгалах хугацаа
| Мэдээлэл | Хугацаа |
|---|---|
| Хичээлийн хяналтын үйл явдал (таб солих, курсор, идэвхгүй, хуулах) | 180 хоног |
| Хичээл үзэх үеийн IP хаяг | 180 хоног |
| Мэдэгдэл | 90 хоног |
| Профайл, сургалтын үзэлт, утасны дугаар нээсэн бүртгэл | 365 хоног |
| Асуулт бүрийн оролдлого | 365 хоног |
| Чатын мэдүүлэг | 2 жил |
| Бүртгэл, сургалт, ахиц, дүн, чат, захиалга | Бүртгэл идэвхтэй байх хугацаанд |
| Төлбөрийн баримт | Хуульд заасан хугацаанд |
Бүртгэлээ устгавал нэр, имэйл, утас, профайл, суралцсан явц, дүн, хичээлийн хяналтын бүртгэл, мэдэгдэл, сэтгэгдэл, файл устаж, чатын мессежүүд тань «устгагдсан» болж нэр тань арилна. Төлбөрийн баримтыг нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хувийн мэдээлэлгүйгээр, чатын мэдүүлгийг аюулгүй байдлын үүднээс 2 жил хадгална.
7Хамгаалалт
- Сайттай холбогдох холболт шифрлэгдсэн (HTTPS) байна.
- Нууц үгийг хэшлэж хадгална, нэвтрэх оролдлогын тоог хязгаарлана.
- Төлбөртэй агуулга, файлд хугацаатай, гарын үсэгтэй холбоосоор л хандана.
- Өгөгдлийн санд хандах эрхийг зөвхөн үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хүмүүст олгоно.
Мэдээлэл алдагдсан тохиолдолд хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллага болон танд мэдэгдэнэ.
8Таны эрх
- Мэдэх, харах — бидэнд таны тухай ямар мэдээлэл байгааг асуух.
- Засах — профайлаа өөрөө засах, буруу мэдээллийг засуулах.
- Устгуулах — бүртгэл, хувийн мэдээллээ устгуулах.
- Зөвшөөрлөө цуцлах — зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно; цуцалснаас өмнөх боловсруулалт хүчинтэй хэвээр.
Нэвтэрсэн үедээ доорх «Таны өгөгдөл» хэсгээс мэдээллээ JSON файлаар татаж авах, бүртгэлээ өөрөө устгах боломжтой. Бусад хүсэлтийг бүртгэлтэй имэйл хаягаасаа илгээвэл хуульд заасан хугацаанд хариу өгнө.
9Хөтчийн санах ой
Бид зар сурталчилгааны болон гадны хяналтын күүки ашигладаггүй. Хөтчийн санах ойд (localStorage) зөвхөн дараахыг хадгална:
- Нэвтрэлтийн токен — та нэвтэрсэн хэвээр байхын тулд. «Гарах» дарахад устна.
- Санамсаргүй таних тэмдэг — нэвтрээгүй зочныг үзэлтэд давхар тоолохгүйн тулд.
- Харагдах байдлын тохиргоо (самбар хураасан, интро үзсэн гэх мэт).
10Өөрчлөлт, холбоо барих
Бодлого өөрчлөгдвөл хувилбарын огноог шинэчилж, дараагийн нэвтрэлтэд тань шинэ хувилбарыг танилцуулж зөвшөөрөл авна.